Friday, January 28, 2011

УС, РАШААН

      
     Өвөрхангай аймгийн гадаргын усны нөөц 0,56 шоо км үүнээс ашиглаж болох боломжтой нөөц 0,22 шоо км, газрын доорхи усны нөөц 0,10 шоо км ашиглах боломжтой нөөц 0,05 шоо км, ус эзлэх талбай 63122 км2 тус тус байгаа нь улсын хэмжээнд усны нөөц багатайд тооцогддог. 

    Уст цэгийн тооллогын дүнгээр 2010 онд 161 гол горхи, 320 булаг шанд, 51 нуур тойром, 36 рашаан, 1492 худагтай байна. Өвөрхангай аймгийн рашаанууд Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хужирт, Элма хужирт, Хүрэмт рашаан сувилалаас гадна, Эмт, Могойт, Үүртийн тохой, Гятруун, Хүрэн хад, Хуст, Могойт зэрэг рашаануудад нутгийн иргэд байнга ирж эмчилгээ сувилгаа хийдэг. Эдгээр рашаанууд нь Монгол орны рашааны мужлалын хувьд азотын рашааны мужид орших бөгөөд эмчилгээний шавар нь шаварлаг-лагийн төрөлд багтдаг.

ТУСГАЙ ХАМГААЛТТАЙ ГАЗАР НУТАГ

      
     Өвөрхангай аймагт Хангайн нурууны байгалийн цогцолборт газар болон Хөгнө-Тарна, Батхаан уулын байгалийн нөөц газар, Хүйсийн найман нуурын байгалийн дурсгалт газрууд тус тус оршдог бөгөөд нийт нутгийн 5 хувь буюу 295906.0 га газрыг эзэлнэ. Өвөрхангай аймгийн нутагт Хангайн нурууны БЦГ-ын онцгой бүсийн “Б” хэсэг болон аялал жуулчлалын бүсийн “А” хэсэг, хязгаарлалтын бүсүүд орно.

БАЙГАЛИЙН УРГАМАЛ

         Өвөрхангай аймаг нь өндөр уул, ой тайга, уулын ба хуурай хээр, цөл, цөлөрхөг хээрийн ургамал хослосон нийтдээ 63 мян.км2 нутаг дэвсгэртэй. Ургамалжилт нь газрын гадаргын өвөрмөгц онцлогтой уялдан өндөр уулын буюу тайгийн ургамалжил, бэсрэг ба нам уулсын ургамалжил, уулын хоорондох нуга хөндийн ургамалжил, тал хээрийн ургамалжил, цөл, цөлөрхөг хээрийн ургамалжил, бүс дундын ургамалжил гэсэн үндсэн 6 бүстэй.
         Байгалийн ургамлын тооллого бүртгэл, ургамалжилтын судалгаагаар тус аймагт нийт 77 овог, 340 төрөл, 938 зүйл ургамал байгааг тогтоосон. Ургамлын аймгаас 21 зүйл нэн ховор, 25 зүйл ховор, 600 зүйл тэжээлийн ач холбогдолтой, 355 ашигтай зүйл ургамал байдаг. Тус аймагт ургаж байгаа байгалийн ургамлыг тэжээллэг ба эмчилгээний чанар, тархалт, ач холбогдлоор нь ангилж үзэхэд эмийн ба ашигт ургамал 355 зүйл, тэжээлийн ач холбогдолтой 655 зүйл, нэн ховор 21 зүйл ховор 25 зүйл ургамал тархан ургаж байгааг судалгаагаар тогтоосон.Ургамлын аймагт томоохонд ордог овгоос: үетэн, нийлмэл цэцэгтэн, уруул цэцэгтэн, улалж, тэргүүлэгч цэцэгтэн, буурцагтан, холтсон цэцэгтэний овгийн ургамлууд, мөн томоохон төрлүүдээс улалж, шарилж, гичгэнэ, бургас, хунчир, ортууз, биелэг өвс, дэгд, банздоо, тарна зэрэг ургамлууд тус тус ургадаг

Эмийн голлох ургамлууд: Азийн төлөгч өвс, Чихэр өвс, Монгол алтан хундага, Царвант шарилж, Монгол хунчир, Юлдэн игүүшин, Эмийн сөд өвс, Алтан гагнуур, Суман согоо /Юмдүүжин/, Цээнэ, гишүүнэ, Их таван салаа, Шар болон Цагаан дэгд /Ванчингарав/, Булцуут туйпланцар, Эмийн бамбай, Балчиргана, Сөөгөн боролзгоно зэрэг ургамлууд байдаг.
Хүнс тэжээлийн гол ургамлуудаас: Алтай сонгино, Хөмүүл, Хонин гоньд, Долгиотсон шишүүнэ, Төллүүр тарна /хурган мэхээр/, Нарийн навчит хөвөн оройт, Нугын мягмансанжаа, Зэрлэг жууцай, Хармаг, Зүүн гарын гоёо, Аньс, Улаалзгана, Хад, Гүзээлзгэнэ, Мойл зэрэг ургамлууд ургадаг.
Нэн ховор ургамлаас: Ганц цэцэгт алтан зул, Төвд баягзаваа, Том навчит дэгд, Сэвсгэр дэгд, Буржгар сараана, Ямаан сэрдэг, Сибир тэмээн хөх, Монгол алтан хундага, Алтан шар шарилж, Бяцхан зууч, Федченкогийн зээргэнэ, Алтан гагнуур /Мүгэз/, Манж гандигар, Морин зээргэнэ, Алтан бэрмэг зэрэг ургамлууд байдаг. 
Ховор ургамлаас: Хонин арц, Ацан ажигна, Дунд ажгана, Регелийн алаглиг цэцэг, Хуурамч хонин арц, Эмийн бамбай, Тагийн барагжаа, Гоо ботууль, Монгол догор, Монгол ганга, Үелэг гол өвс, Цагаан дэгд, Манин намгалж, Эгэл нишингэ, Алтайн сонгино, Бага улалж, Сибирь хамбил, Тэмээн харгана, Потанийн хөвдөл, Павловын хумилж, Хагайн хумилж, Хөөнгө буурцагт хунчир, Ширүүн хунчир, Сибир шинэс, Ягаан цээнэ, Хангайн шаваантиг, Мөлхөө өн цэцэг, Жавхаалиг башир, Төсөө холтсон цэцэг зэрэг ургамлууд ургадаг.

Тус аймагт ургадаг Монголын “Улаан ном”-д орсон ургамлууд: Юлдэн шүүдэр ойм, Морин зээргэнэ, Хуурамч хонин арц, Ацан ажигана, Монгол хундгана, Сибир хундагана, Ягаан цээнэ, Алтан гагнуур, Ямаан сэрдэг, Цагаан хүн хорс, Цагаан дэгд, Төвд баягзаваа, Монгол догор, Ганц цэцэгт алтан зул, Хөхөө цүнхрэг, Эмийн бамбай, Алтайн сонгино зэрэг ургамлууд бүртгэгдсэн. Нэн ховор, ховор ургамлууд малын бэлчээрлэлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд байнга өртөж байдаг. Тухайлбал: Бат-Өлзий сумын Бэсрэг уулын энгэр ар хажуугаар ургаж байгаа хүнсний хэрэгцээнд өргөн хэрэглэгдэж хоол амт оруулдаг Алтайн сонгино болон бусад ховор ургамлууд малын бэлчээр болдог мөн нутгийн хүмүүс хүнсний хэрэгцээнд ихээхэн түүж хэрэглэж байгаа тул түүний тархалтын хэмжээ багасаж, нөөц хомсдож байна.

ОЙН САН

       Өвөрхангай аймгийн ойн сан бүхий газрууд нь Хангайн нурууны зүүн урд үзүүрийн уулархаг хэсгийг дагаж ургасан газарзүйн байрлалын хувьд Монгол орны шилмүүст ойн хамгийн урд зах буюу хамгийн урд өргөрөгт оршдог онцлог байрлалтай. Тус аймгийн ойн сан нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан ургамал, бичил биетэний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдэгийг тогтоон барих зэрэг экологийн ач холбогдолтой ой юм. 

     
     Манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4% нь ойтой бөгөөд улсын ойн сангийн 1.1%-ийг бүрдүүлж, 100% хамгаалалтын бүсийн ойд хамрагддаг. Ойн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Монгол улс Ойн сангийн тооллого, зохион байгуулалтыг 10 жил тутамд нэг удааа хийж түүний нөөц, төлөв байдлыг улсын хэмжээнд шинэчлэн тогтоодог. Үүний дагуу Өвөрхангай аймаг 1998 болон 2008 онуудад ой зохион байгуулалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн. Өвөрхангай аймгийн ойн сангийн хэмжээ 171149 га бөгөөд үүнээс ойн талбай 168669 га, үүнээс 134478 га нь ойгоор бүрхэгдсэн талбай, 34221 га нь ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна.

АМЬТНЫ АЙМАГ

       Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хангай, тал хээр, говийн бүс нутагт тарахсан нийт 7 баг 16 овогт хамаарах 49 төрлийн 73 зүйл хөхтөн, 70 гаруй зүйлийн загас, 370 гаруй зүйлийн жигүүртэн шувуу, 20 гаруй зүйлийн дархан цаазат ан амьтад байдаг. 70 гаруй зүйл хөхтөн амьтдаас 4 зүйл шавьж идэштэн, 5 зүйл гар далавчтан, 6 зүйл туулай хэлбэртэн, 35 зүйл мэрэгчид, 13 зүйл махчин, 8 зүйл хос туурайтан, 1 зүйл битүү туурайтан амьтад тус тус байршин амьдардаг. 

      Халиун буга Тухайлбал: буга согоо, хүдэр, гахай, шилүүс, аргал, янгир, ирвэс, хар сүүлт, зээр, чоно, үнэг, хярс, мануул, туулай, тарвага, зурам, хэрэм, жирх зэрэг ан амьтад, хун, галуу нугас, тоодог, тоншуул, бүргэд, сар, шаазгай, ангир, ятуу, хур, сойр зэрэг жигүүртэн шувууд Орхон, Онги, Таац голуудад төрөл бүрийн загастай. Нэн ховор, ховор амтдын байршдаг амьдрах орчин, идээшил нутгийг хамгаалах, хэвийн өсөлтийг хангах зорилгоор Хангайн нурууг улсын тусгай хамгаалалтанд, Өшгөгийн нуруу, Зүүн хангай зэрэг газруудыг орон нутгийн хамгаалалтанд авсан.