Өвөрхангай аймаг нь өндөр уул, ой тайга, уулын ба хуурай хээр, цөл, цөлөрхөг хээрийн ургамал хослосон нийтдээ 63 мян.км2 нутаг дэвсгэртэй. Ургамалжилт нь газрын гадаргын өвөрмөгц онцлогтой уялдан өндөр уулын буюу тайгийн ургамалжил, бэсрэг ба нам уулсын ургамалжил, уулын хоорондох нуга хөндийн ургамалжил, тал хээрийн ургамалжил, цөл, цөлөрхөг хээрийн ургамалжил, бүс дундын ургамалжил гэсэн үндсэн 6 бүстэй.
Байгалийн ургамлын тооллого бүртгэл, ургамалжилтын судалгаагаар тус аймагт нийт 77 овог, 340 төрөл, 938 зүйл ургамал байгааг тогтоосон. Ургамлын аймгаас 21 зүйл нэн ховор, 25 зүйл ховор, 600 зүйл тэжээлийн ач холбогдолтой, 355 ашигтай зүйл ургамал байдаг. Тус аймагт ургаж байгаа байгалийн ургамлыг тэжээллэг ба эмчилгээний чанар, тархалт, ач холбогдлоор нь ангилж үзэхэд эмийн ба ашигт ургамал 355 зүйл, тэжээлийн ач холбогдолтой 655 зүйл, нэн ховор 21 зүйл ховор 25 зүйл ургамал тархан ургаж байгааг судалгаагаар тогтоосон.Ургамлын аймагт томоохонд ордог овгоос: үетэн, нийлмэл цэцэгтэн, уруул цэцэгтэн, улалж, тэргүүлэгч цэцэгтэн, буурцагтан, холтсон цэцэгтэний овгийн ургамлууд, мөн томоохон төрлүүдээс улалж, шарилж, гичгэнэ, бургас, хунчир, ортууз, биелэг өвс, дэгд, банздоо, тарна зэрэг ургамлууд тус тус ургадаг
Эмийн голлох ургамлууд: Азийн төлөгч өвс, Чихэр өвс, Монгол алтан хундага, Царвант шарилж, Монгол хунчир, Юлдэн игүүшин, Эмийн сөд өвс, Алтан гагнуур, Суман согоо /Юмдүүжин/, Цээнэ, гишүүнэ, Их таван салаа, Шар болон Цагаан дэгд /Ванчингарав/, Булцуут туйпланцар, Эмийн бамбай, Балчиргана, Сөөгөн боролзгоно зэрэг ургамлууд байдаг.
Хүнс тэжээлийн гол ургамлуудаас: Алтай сонгино, Хөмүүл, Хонин гоньд, Долгиотсон шишүүнэ, Төллүүр тарна /хурган мэхээр/, Нарийн навчит хөвөн оройт, Нугын мягмансанжаа, Зэрлэг жууцай, Хармаг, Зүүн гарын гоёо, Аньс, Улаалзгана, Хад, Гүзээлзгэнэ, Мойл зэрэг ургамлууд ургадаг.
Нэн ховор ургамлаас: Ганц цэцэгт алтан зул, Төвд баягзаваа, Том навчит дэгд, Сэвсгэр дэгд, Буржгар сараана, Ямаан сэрдэг, Сибир тэмээн хөх, Монгол алтан хундага, Алтан шар шарилж, Бяцхан зууч, Федченкогийн зээргэнэ, Алтан гагнуур /Мүгэз/, Манж гандигар, Морин зээргэнэ, Алтан бэрмэг зэрэг ургамлууд байдаг.
Ховор ургамлаас: Хонин арц, Ацан ажигна, Дунд ажгана, Регелийн алаглиг цэцэг, Хуурамч хонин арц, Эмийн бамбай, Тагийн барагжаа, Гоо ботууль, Монгол догор, Монгол ганга, Үелэг гол өвс, Цагаан дэгд, Манин намгалж, Эгэл нишингэ, Алтайн сонгино, Бага улалж, Сибирь хамбил, Тэмээн харгана, Потанийн хөвдөл, Павловын хумилж, Хагайн хумилж, Хөөнгө буурцагт хунчир, Ширүүн хунчир, Сибир шинэс, Ягаан цээнэ, Хангайн шаваантиг, Мөлхөө өн цэцэг, Жавхаалиг башир, Төсөө холтсон цэцэг зэрэг ургамлууд ургадаг.
Тус аймагт ургадаг Монголын “Улаан ном”-д орсон ургамлууд: Юлдэн шүүдэр ойм, Морин зээргэнэ, Хуурамч хонин арц, Ацан ажигана, Монгол хундгана, Сибир хундагана, Ягаан цээнэ, Алтан гагнуур, Ямаан сэрдэг, Цагаан хүн хорс, Цагаан дэгд, Төвд баягзаваа, Монгол догор, Ганц цэцэгт алтан зул, Хөхөө цүнхрэг, Эмийн бамбай, Алтайн сонгино зэрэг ургамлууд бүртгэгдсэн. Нэн ховор, ховор ургамлууд малын бэлчээрлэлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд байнга өртөж байдаг. Тухайлбал: Бат-Өлзий сумын Бэсрэг уулын энгэр ар хажуугаар ургаж байгаа хүнсний хэрэгцээнд өргөн хэрэглэгдэж хоол амт оруулдаг Алтайн сонгино болон бусад ховор ургамлууд малын бэлчээр болдог мөн нутгийн хүмүүс хүнсний хэрэгцээнд ихээхэн түүж хэрэглэж байгаа тул түүний тархалтын хэмжээ багасаж, нөөц хомсдож байна.
so bad and so good
ReplyDelete